Хөх толбо (зөгнөлт зохиол) - 37-39р хэсэг - 13 April 2010 - ShurikenTeam- Anime and Manga
Тавтай морил, Зочин! Бүртгүүлэх
Даваа, 2016-12-05
Main » 2010 » 4-р сар » 13 » Хөх толбо (зөгнөлт зохиол) - 37-39р хэсэг
4:13 PM
Хөх толбо (зөгнөлт зохиол) - 37-39р хэсэг
37-р хэсэг:

Жоомон биет Николас энергин илдээ нүд ирмэхийн зуур Солонгоогийн цээжинд гүн дүрэв. Солонгоогийн цээжийг даган бүлээн цус урсах бөгөөд Солонго ийм зүйл болно гэж огт бодоогүй байсан нь илт байв. Солонго өөрт маш их хайртай, байнга эрхлүүлэн өөгшүүлж байдаг хаан аав нь үнэхэээр өөрийг нь ч гэсэн ал гэж тушаал өгсөнтэй эвлэрч чадахгүй байх ажээ. Солонгоогийн нүдэнд гомдолын нулимс мэлтэлзэж байв. Жоомон биет Николас: Солонго гүнж минь дээ. Би танд хэлсэн шүү дээ. Та ууг нь энэ хөх толбот хүнийг хамгаалах хэрэггүй л байсан юм даа. Мутантууд бидний хувьд хүн гэдэг бол мөнхийн дайсан шүү дээ.

Солонго: Николос, чи ойлгооч. Хүмүүс бидний дайсан бишээ. Би үүнийг нотлох болно. Энэ хөх толбот хүн бол манай дэлхийг аврах цорын ганц аврагч. Хэрэв чи түүнийг одоо утгах юм бол дэлхийн аврагдах сүүлчийн итгэл найдварыг устгаж байна гэсэн үг.

Жоомон биет Николас: Уучлаарай гүнжтэн минь. Гэхдээ би хааны зарлигийг л дагаж байгаа гэдгийг ойлгоорой. Мутантын хааны зарлиг бол хууль тул би таныг устгахаас өөр арга алга даа.

Гэж хэлэнгээ Солонгоогийн хацрыг Жоомон биет Николас зөөлөн илж, түүний хацрыг нь даган урсах нулимсийг нь гараараа арчив. Солонго хамаг хүчээ гарган түүнээс мултрахыг хүссэн боловч цээжинд нь дүрсэн энергин илдний шарх болон Цагаан хун Жасминатай байлдсанаас болж хамаг хүч нь суларсан байсан тул юу ч хийж чадахгүй байлаа.

Солонго: Чи муу боол. Надад хүрч зүрхэлнэ гэнээ. Одоохон наад савраа тат. Тэгээд намайг сулла. Энэ бол Мутантын хааны гүнжийн тушаал

Жоомон биет Николас: Би таны гоо үзэсгэлэнг байнга л алсаас хардаг байсан. Гэвч та гүнж болохоор би таны руу ойртож ч чаддаггүй байсан юм. Харин одоо та бол миний гарт үхэх жирийн л мутант. Таны энэ хөөрхөн царайг би үүрд санаж явах болноо

Гэж хэлээд Жоомон биет Николас өөрийн энергин илдээ Солонгоогийн цээжнээс огцом суга татан авч толгой дээгүүрээ эргүүлэн Солонгоогийн толгойг цавчихаар далайв. Түүнийг илдээ буулгах яг тэр агшинд Жоомон биет Николасийн энергин илдээ барьсан хоёр гар нь тохойн урд хэсгээрээ тасаран уналаа. Жоомон биет Николас өвдсөндөө чанга хашгиран хажуу тийш харвал түүнээс холгүйхэн Болороо гүнж зогсож байлаа.

Болороо гүнж – Энэ гүнж нь мутантын хааны 13 дахь гүнж бөгөөд Солонгоогийн хайртай ганц дүү нь. Тэр Солонгоотой адил Эрвээхэйний мутант бөгөөд маш чадварлаг дайчин. Болор гүнж өөрийн энергиэ нуух чадвар гэнэтийн дайралт хийх чадвараараа алдаршсан. Тэрээр өөрийн эгч Солонго гүнжид маш их хайртай нэгэн бөгөөд Солонгоог хаан ааваасаа илүү их хайрладаг. Болор гүнж 162 см өндөртэй, богинохон хар үстэй, гоо үзэсгэсэлэнгээрээ Солонгоогийн дараа ордог. Хагас мутант хэлбэртэй шилжих үедээ цэнхэр өнгийн эрвээхэй мэт болдог. Маш хөгжилтэй цоглог зантай ба байнга л тоглоом шоглоом хийж явдаг нэгэн.

Жоомон биет Николас: Б-болороо гүнж...

Болороо: Чи муу жижигхэн жоом, миний эгчид яаж гар хүрч чадаж байнаа? Чамайг ингэж эрээ цээрээ мэдэхгүй ёсгүй аашилсаны чинь төлөө хэдэн хэсэг болгоод өгье л дөө.

Жоомон биет Николас: Болороо гүнжтэн минь, намайг уучил. Гэхдээ Солонго гүнжийг устгах чинь мутантын хааны тушаал шүү дээ.

Болороо гүнж: Мэднээ, гэхдээ аавын тушаал ч бай надаа хамаагүй. Надаа миний хайртай эгч л хэрэгтэй. Харин чиний хувьд үхэх цаг чинь аль хэдийн болчихсон байна.

Гэж хэлээд Болороо гүнж Хагас мутант хэлбэртээ ч шилжилгүй үсрэн ирж Жоомон биет Николасийн биеийг 2 хэсэг болгон хуваалаа.

Солонго: Дүү минь, чи надаас болж хаан ааваас урвалаа гэж үү?

Болороо Солонгоо руу харан их л хөгжилтэй царай гарган: Надаа та л байхад болно доо. Аавын тэр уйтгартай ордонд байж байснаас таньтай хамт дэлхийгээр нэг хэрэн хэссэн нь хамаагүй зугаатай биш гэж үү. Алив хоёулаа эндээс хурдан явъя.

Гэж хэлээд Солонгоог сугадан тэврээд тулааны талбараас холдон гүйлээ.

Солонго: Болороо хүлээ, Тэр хамгаалалтын капсулыг авах хэрэгтэй. Тэр дотор манай дэлхийг аврах хөх толбот хүн байгаа. Түүнийг яасан ч хүмүүст өгч болохгүй.

Болороо: Уучлаарай эгч минь. Түүнийг одоо авч явж болохгүй. Хэрэв бид түүнийг явч явахыг оролдох юм бол хүмүүсийн роботуудад алагдах болно. Тэднийг Хэрцгий Царцаа Анхбаяр хаан аавын өгсөн төхөөрөмжийн тусламжтайгаар түр хамгаалалтын горимд нь шилжүүлсэн байгаа юм. Тэд одоо тун удахгүй хамгаалалтын горимоосоо гарч тэр хөх толбот хүний араас ирнэ.

Солонго: Гэхдээ л бид яасан ч хөх толбот хүнийг тэдэнд өгч болохгүй. Алив буцаад явъя

Гэж хэлээд Болороо гүнжээс гараа тавин буцахыг оролдлоо. Болороо гүнж: Уучлаарай эгч минь. Та түр амрах хэрэгтэй юм шиг байна.

Гэж хэлээд Солонгоогийн толгойг хүчтэй цохиж ухаан алдуулан Солонгоог авч тулааны талбараас хамаг хурдаараа холдон явлаа.

Хэрцгий Царцаа Анхбаяр Цагаан хун Жасминатай багагүй хугацаанд эн тэнцүү байлдсаны эцэст зугтаахаар шийджээ. Учир нь энергин роботуудын сэрэх цаг маш ойрхон болсон байв. Тэрээр хэд хэдэн хүчтэй дайралт хийснийхээ дараа арагшаа үсрэн холдоход Цагаан хун Жасмина түүний араас хөөн байлдах сонирхолгүй байгаа нь илт байв. Энэ боломжийг ашиглан Хэрцгий царцаа Анхбаяр Тулгааг хийсэн хамгаалалтын капсулыг устгахаар доошлон иртэл тэнд “Баатар 05” гэсэн дугаартай энергин робот аль хэдийн ирсэн капсулыг хамгаалж байв. Хэрцгий царцаа Анхбаярт буцаж зугтахаас өөр боломж нэгэнт үлдээгүй тул тэр тулааны талбарыг орхин одлоо. Үлдсэн Энергин роботууд ч эхнээсээ сэрж Тулгааг хийсэн хамгаалалтын капсул дээр цугларав. Цагаан хун Жасмина эцсийн хэлбэрээсээ буцаж шилжин жирийн байдалдаа орлоо. Тэрээр хэтэрхий их энергиэ зарцуулсан болохоор ухаан алдаж уналаа. Энергин роботууд Тулгаа Жасмина хоёрыг аван дэлхийн зүг хөдлөв.

Солонго гүнж ухаан орон сэрлээ. Тэрээр нэгэн харанхуйвтар газар тохилог зөөлөн орон дээр хэвтэх ажээ. Түүнийг ухаан орохыг хүлээн хажууд нь Болороо гүнж сууж байлаа. Болороо гүнж: Ашгүй та нэг юм ухаан оров уу? Та ч их ядарсан байна шүү.

Солонго: Болороо, би хаана байна вэ?

Болороо: Та Дэлхий дээр байна. Бид энд нэг сайн нууцлагдмал агуй олсон. Нэг хэсэгтээ л энд байна. Тэгээд тухтай ярилцаж байгаад цаашид яахаа шийдье.

Солонго: Бид гэнээ?

Болороо: Өө тийм, Таныг дагахаар надаас өөр олон мутант ирсэн шүү.

Гэж хэлээд Болороо орыг тойрон хаасан хөшгийг нээтэл цаана нилээд хэдэн мутантууд Солонгоог ухаан орсон байхыг нь харан баярлан зогсож байв. Тэд бүгд Солонгоог дагалдагчид үнэнч туслахууд нь байв. Тэдний дотор 3-н мутантын хааны шадар цэрэг байх бөгөөд тэд Солонгоогийн туслах байсан ба эр зориг, авъяас чадвараараа гайхагдан шадар цэрэг болон дэвшсэн мутантууд байлаа. Хэдийгээр тэд мутантын хааны шадар цэрэг болсон ч гэсэн байнга Солонгоог хамгаалан түүний туслах хэвээр гэж өөрсдийгөө бодож явдаг шилдэг дайчид байв. Мөн тэднээс гадна 2 эрдэмтэн, 12 зарц, 5 дагалдагч бие хамгаалагчид байлаа. Солонго баярлан: Та нар намайг дагахаар ирлээ гэж үү? Хэрэв намайг дагавал Мутантын хаанаас урвасан хэрэг болно гэдгийг ойлгож байгаа биз дээ?

Болороо: Тэд бүгд үүнийг маш сайн ойлгож байгаа. Эгч минь та одоо тайван амар. Бид таныг хамгаалж байх болноо.

Солонго: Тулгаа яасан бэ? Тэр зүгээр үү?

Болороо: аан, өнөөх хөх толбот хүн үү? Тэр хүнийг хүмүүс аваад явсан.

Солонго: Хүмүүс гэнээ? Үгүй би түүнийг тэдэнд өгч болохгүй

Гэж хэлээд Солонго босохыг завдтал Болороо түүнийг даран унагаагаад

Болороо: Солонго эгчээ, Ингэхэд тэр хөх толбот хүний араас ингэтлээ санаа зовних хэрэг байгаа юм уу? Хүмүүс түүнийг өөрсдөө олохыг хүсч, өөрсдөө аваад явлаа. Хүмүүс дэлхийг аварахыг адилхан хүсэж байгаа юм биш үү. Харин аавын яагаад түүнийг устгах гээд байгааг би ер ойлгохгүй байна.

Гэж хэлээд Солонгоог тавин орноос бослоо. Солонго: Хүмүүст найдаж болохгүй ээ. Тэдний ард маш муу хүн байж магадгүй.

Болороо: Хүмүүс угаасаа л бүгд муу биш билүү? Тэд л энэ дэлхийг ийм болгож мутантууд бидэнтэй байлдаж байгаа биз дээ?

Гэж хэлээд эргэх гэтэл Солонго түүний гараас нь татан орон дээрээ суулгаад.
Солонго: Дүү минь чи сайн сонс. Намайг дагахаар ирсэн та бүхэн ч гэсэн сайн сонсоцгоо. Би та бүхэнд бүх үнэнийг хэлж өгье. Хүн мутантын дайны жинхэнэ үнэн болоод хүмүүсийн ард байгаа тэр нууцлаг муу хүний талаар. Харин үүнийг сонссоны дараа та нар намайг дагах эсэхээ шийдэцгээ. Учир нь бид хүмүүстэй ч мутантуудтай ч дайтах болно...

38-р хэсэг:

Мөнхийн хар үүлс дор орших Мутантын хааны ордоны дээгүүр аянга цахилгаан цахилсаар аадар бороо асгарна. Эрдэнийн зүйлсээр чимэглэсэн алтан Хаан суудал дээрээ хагас шавжин хэлбэртэйгээ суух Мутантын хаан сүрлэг бөгөөд аймшигтай харагдана. Түүний хоёр талаар уужим заалны ханыг даган байрласан суудлуудаар суух хааны зөвлөхүүд, хан хөвгүүд, шадар цэргүүд бүгд л тэдний голоор мутантын хаан руу дөхөн хүнд тулаанаас авсан шархандаа доголон алхах Хэрцгий царцаа Анхбаярыг харан сууцгаана. Хэрцгий царцаа Анхбаяр Мутантын хааны өмнө хүрэлцэн ирээд сөгдөн мөргөлөө. Хэрцгий царцаа Анхбаяр: Хаантан минь та намайг шийтгэгтүн. Би таны өгсөн чухал даалгаварыг амжилтгүй биелүүлэн алдаа гаргалаа. Таны надад өгсөн агуу итгэлийг тань хугалсаны төлөө та намайг хүссэнээрээ шийтгэ.

Хэмээн шийдмэг зоригтойгоор мутантын хаанд хэллээ. Мутантын хаан: Чи юу болсноо эхнээс нь надад ойлгомжтойгоор ярь даа. Яагаад чи ганцхан тэр хүнийг устгаж чадаагүй байдаг билээ?

Хэрцгий царцаа Анхбаяр болсон бүх үйл явдлыг мутантын хаанд маш ойлгомжтойгоор ярьж өглөө. Тэрээр Солонго болон Болор гүнж нар түүнд хамгийн ихээр саад болж түүний туслахыг устгасан гэж мутантын хаанд хэлэв. Мутантын хаан: Анхбаяр, би чамайг ийм чухал даалгаварыг бүтэлгүйтүүлсэний чинь төлөө одоо шууд устгачихмаар л байна. Гэхдээ би чиний надад олон жил үнэнч байсныг чинь бодож сүүлчийн ганц боломжийг олгоё. Өнөөдрөөс эхлэн би чиний хэргэм зэрэг бүх зүйлийг чинь авч хаян, нэрийг чинь урвагчдын жагсаалтад бичих болно. Харин чи өөрийн нэр төрөө сэргээхийг хүсвэл надад Солонго болон Болор гүнж нарийн толгойг яаралтай авчир. Би тэднийг надаас урвасных нь төлөө яасан ч уучилж чадахгүй. Хэзээ чи тэдний устган надаа толгойг нь авчирч өгнө тэр үед чи нэр төрөө буцаан авч болно. Одоо миний нүднээс хурдан зайл

Гэж ууртай ширүүн өнгөөр хэлэв. Хэрцгий царцаа Анхбаяр яаравчлан мутантын хааны ордоноос гарлаа. Тэрээр дотроо бодно: Солонго, Болороо та хоёрыг би хаа яаваа газраас чинь олж устгах болноо. Миний нэр төрийг ингэж бохирдуулсны чинь төлөө та хоёрыг би хэзээ ч уучлахгүй.

Хэрцгий царцаа Анхбаяр өөрийн нэр төрөө сэргээхийн тулд Солонгоо болон Болороо гүнж нарийг олж устгах аяндаа яаравчлан гарлаа.

Мутантын хааны ордонд уур амьсгал нилээн ширүүхэн байлаа. Мутантын хаан их л хилэгнэсэн байдалтай байх бөгөөд зөвлөхүүд нь хөх толбот хүнийг устгах, хүмүүсийн хот руу нэвтрэх, энергин роботуудыг устгах гээд их л олон тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх уран арга олох гэж зүдэрцгээж байлаа. Хан хөвгүүд болон гүнж нар Солонгоо болон Болороо гүнж нарт их л санаа зовох боловч мутантын хаан тэднийг урвагч гэж нэгэнт зарласан болохоор тэд хоёр гүнжийг өмгөөлөн нэг ч үг хэлж чадахгүй байв. Шадар цэргүүд бүгд л өөрсдийн хүчээ нэмэгдүүлэх, шинэ шинэ тулаанд бэлтгэн хүчээ зузаатгахад хамаг анхаарлаа төвлөрүүлж эхэлжээ. Мөн Мутантын хааны шийдвэрээр мутант эрдэмтдийн их хурлыг зарлан хуралдуулахаар болов.

Нэгэн нууцлаг газар

Цагаан хун Жасмина ухаан орон нүдээ нээн харвал нэгэн хамгаалалтын энергиэр бүрхэгдсэн хорих өрөөнд хэвтэж байлаа. Өрөөний эргэн тойрон нь бүгд торон хэлбэртэй хүчтэй хамгаалалтын энергитэй металл зүйлээр бүрхэгджээ. Цагаан хун Жасминагийн хамаг бие нь маш их өвдөх бөгөөд саран дээр хийсэн тулаанаас авсан шарх, энергийн алдагдал нь түүнийг маш их доройтуулсан байв. Удалгүй нэгэн Парламентын гишүүний туслах түүн дээр хүрч ирлээ. Парламентын гишүүний туслах: Цагаан хун Жасмина, чамайг Парламентаас урвасан хэргээр хорьсон байгаа. Чамд хэлэх үг байна уу?

Жасмина: Та нар хөх толбот хүнийг яасан?

Парламентын гишүүний туслах: Би үүнийг чамд хэлэх шаардлага одоогоор байхгүй гэж бодож байна.

Жасмина: Та нар надаас юу хүссэн юм?

Парламентын гишүүний туслах: Чамайг юу гэж бодож байна вэ? Гэж асуусан шүү дээ

Жасмина: Юуны талаар асуугаад байгааг чинь ойлгохгүй байна.

Парламентын гишүүний туслах: Secret хакерын талаар.

Энэ үгийг сонсоод Жасмина шок-нд орох шиг л болов. Жасмина Парламентынхан Secret хакерын талаар юу ч мэддэггүй гэж бодож байжээ.

Жасмина: Та нар тэгэхээр үнэнийг мэддэг байх нь ээ.

Парламентын гишүүний туслах: Ямар үнэн

Жасмина: Secret хакер гэдэг тэр урвагчийн талаар

Жасминаг ингэж хэлтэл Парламентын гишүүний туслахын царай нь хувиран Secret хакер болон хувирав.

Secret хакер: хахаха, би биш харин чи надаас урвасан урвагч юм биш үү?

Жасмина: ю-юу болох нь энэ вэ? Чи саяны Парламентын гишүүний туслахыг яаж орхив. Би түүнийг бүр бага байхын л мэддэг байсан.

Secret хакер: Энд ямар ч Парламентын гишүүний туслах гэж хүн байхгүй. Урьд нь ч байгаагүй. За энэ ч яахав. Бид хоёрт чухал яриа байгаа. Эхлэх үү дээ...

HT-5 хүний хот

HT-5 хүний хотын 25 дахь давхар буюу хамгийн дээд давхарын баруун хэсгийн талыг дангаараа эзэмших том дүүрэг нь хамгаалалтын албанд харъяалагдах бөгөөд энд HT-5 хотын хамгаалагчид байрлана. Тэдний дүргийн төв хэсэгт 12 давхар гоёмсог бөгөөд сүртэй, нарны гэрэлд нүд гялбам өнгөлөг байгууламж нь хамгаалалтын албаны удирдлагын байр байв. Хамгаалалтын албаны удирдлагын байрны өмнө нэгэн хамгаалагч номхон зогсох бөгөөд тэрээр хамгаалалтын албаны даргаас аль багт хуваарилагдахаа хүлээн зогсох нь энэ ажээ. Энэ хамгаалагч нь дөнгөж өчигдөрхөн хамгаалагч болж өөрийн хамгаалагчийн амьдралаа эхэлсэн нэгэн бөгөөд түүнийг Гансүх гэнэ. Тэрээр Цагаан хун Жасминагийн улаан фен нэгэн бөгөөд өөрийн зүрхэн туш газраа далавчаа дэвж буй цагаан хунгийн зургийг шивүүлсэн нэгэн байлаа. Тэрээр өөрийн шинэ хамгаалагчийн хувцасаа өмсөн номхон зогсохдоо их л сэтгэл дүүрэн, өөрөөрөө бахархах мэт итгэлтэй зогсоно. Удалгүй түүнийг чиглэн хэдэн хүн хүрч ирэв. Тэдний голд яваа хүн нь HT-5 хотын хамгаалалтын албаны дарга байлаа. Гансүх тэднийг харан маш ихээр догдлон дотроо бодно: за одоо л би жинхэнэ хамгаалагч болж байна даа. Хотын дарга намайг сайн хамгаалагчидтай нэг баг болгоосой. Тэгвэл би тэднээс маш хурдан сайн сурч аваад парламентын S түвшний хамгаалагч болчих юмсан. Хэрэв S түвшний хамгаалагч болчихвол Цагаан хун Жасминатай байнга уулздаг болно доо.

Түүнийг ингэж дотроо бодон баярлан зогсож байхад хамгаалалтын албаны дарга дэргэд нь аль хэдийн хүрч ирсэн байв. Гансүх хамгаалалтын албаны даргыг хүндлэн ёслов. Хамгаалалтын албаны дарга: За, Гансүх. Чиний ангилал чинь Е түвшин. Өнөөдрөөс эхлэн чамайг албан ёсоор хамгаалагч гэж бүртгэж байна. Чи одооноос эхлэн Улаан Ирвэс Kamu-ын багт орно. Май энэ чиний хамгаалагчийн карт. Картанд чинь чиний бүх хэрэгцээт мэдээллийг бичсэн байгаа. Одоо явж Улаан Ирвэс Kamu дээр очиж даалгавараа аваарай.

Гансүх: Улаан Ирвэс Kamu гэж ямар хамгаалагч байдаг билээ? Би урьд нь манай хотод ийм нэртэй хамгаалагч байдаг гэж сонсоогүй шүү дээ.

Хотын дарга: Улаан Ирвэс Kamu саяхан HT-2 хүний хотоос манайд шилжиж ирсэн хамгаалагч. Чи түүнийг хамгаалагчдын лавлах дээрээс хаана байгааг нь мэдчихээрэй. Хамгаалагчдын лавлах хаана байдагийг мэднэ биз дээ?

Гансүх: Тиймээ эрхэмээ. Танд баярлалаа.

Гэж хэлээд хотын даргад ёслоод хамгаалагчдын лавлах руу яаран гүйлээ. Хамгаалагчдын лавлах нь хамгаалалтын албаны удирдлагын байрны дэргэд байрлах жижиг байшин бөгөөд дотроо олон лавлах самбаруудаас тогтоно. Хүссэн хүн бүр энэ лавлах самбаруудаас тухайн хотынхоо хүссэн хамгаалагчийн тухай мэдээллийг олж авах боломжтой. Гансүх яаран гүйж ирээд Улаан Ирвэс Kamu-ын нэрийг орууллаа. Лавлах самбар Гансүхэд Улаан Ирвэс Kamu-ын зураг болон түүний талаархи доорх мэдээллийг гаргаж өглөө.

Нэр: Kamu, Хоч - Улаан Ирвэс. 180 см өндөртэй А зэрэглэлийн хамгаалагч. Ур чадварын ангилал нь - Хурд, энергин илдний тоо – 2, онцлог нь эцсийн байдалдаа шилжин байлдах үедээ нүүрээ халхалсан масктай. Хамгаалагч болоод 20 жил болсон. Устгасан мутантын тоо 132. Одоогийн байдал – Даалгаварт яваагүй, чөлөөтэй.

Үүнийг хараад Гансүх маш их баярлан дотроо бдоно: 20-хон жилийн дотор 132 мутантыг устгасан А зэрэглэлийн хамгаалагч гэхээр үнэхээр ирээдүйтэй чадалтай хамгаалагч байх нь ээ. Би ч түүнээс их зүйл сурна байх даа.

Гансүх Kamu-г олж уулзахаар хамгаалагчдын амьдардаг байр руу явлаа. Лавлах самбараас авсан мэдээллээ өөрийн санах ой руу хуулсан болохоор Гансүх явах зам зуураа Kamu-ын зургийг байнга харж байв. Тэрээр түүнтэй уулзахдаа хэлэх үгээ дотроо бодон явна. Гансүх удалгүй нэгэн 30 орчим давхар байрны өмнө ирлээ. Энэ байрны хамгаалагчдын амьдардаг байрнуудын нэг байв.

39-р хэсэг:

Гансүх явсаар хамгаалагчдын амьдардаг нэгэн байрны гадаа хүрэлцэн ирлээ. Энэ барилга нь 30-н давхар бөгөөд барилга гаднах төрхөө хиймэл орчин бүрдүүлэгчийн тусламжтайгаар гадуураа өвс ногоогоор хучигдсан битүү том хад чулуу мэт харагдуулах ажээ. Гансүх барилгын дотор орж дээшээ 12 давхар өөд тээвэрлэгч цахилгаан шатаар дээш явав. Барилгын дотор тал ч гэсэн хиймэл орчин бүрдүүлэгчийн тусламжтайгаар яг л амьд байгальд байгаа мэт сэтгэл төрүүлэхээр болгон харагдуулж байлаа. Гансүх цаашлан явсаар Kamu-ын өрөөний гадна ирж орох гэтэл хаалга нь онгойж дотроос HT-5 хүний хотын даргын охин NG гарч ирлээ.

NG – HT-5 хүний хотын даргын охин. 25 настай, хүмүүс дотроо гоо үзэсгэлэн, сайхан сэтгэл, ухаалаг зан чанараараа алдаршсан. Тэрээр хүн мутантын дайныг эсэргүүцэгч нэгэн бөгөөд HT-5 хүний хотын эмнэлэг, хүүхдийн төвүүдийг удирдан ажиллуулдаг.

NG нь Гансүхийн маш ихээр хүндлэн явдаг хүмүүсийн нэг болохоор тэрээр NG-тэй тааралдсандаа дотроо баярлан түүнийг хүндэтгэн ёслолоо. Гансүх: Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Тантай уулзсандаа баяртай байна.

NG инээмсэглэн: Чамд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. Чи Kamu-тай өнөөдрөөс эхлэн нэг баг болсон билүү?

Гансүх: Тиймээ

NG: аан, дотогшоо ор доо. Kamu чамайг хүлээж байгаа.

Гэж хэлээд цааш явлаа. Гансүх дотогшоо орвол Улаан Ирвэс Kamu аянд гарахаар зэвсэг болон бусад хэрэгслээ бэлдэж байв. Гансүх: Сайн байна уу? Намайг Гансүх гэдэг. Би өнөөдрөөс эхлэн тантай хамт нэг баг болж явахаар болсон.

Kamu: Аан, энд ирсэн чинь сайн болж. Бид даалгавар авсан. Би өөрийн зүйлээ бэлдэж дуусчихаад чамтай очиж уулзах гэж байсан юм.

Гансүх баярлан: хөөх, би яг одоо анхны хамгаалагчийн даалгавартаа явах юм уу? Ёстой янзтай. Бид юу хийх ёстой вэ?

Kamu: Чамайг яагаад надтай нэг баг болгосныг би мэдэхгүй. Гэхдээ энэ даалгавараас чи амьд буцаж ирнэ гэдэгт чинь би эргэлзэж байна. Тийм болохоор хурдан явж найз нөхөдтэйгээ салах ёс хийж, өөрийн зэвсэг болон хэрэгслээ сайн бэлдээд онгоцны буудлын хаалганы өмнө 12 цагт надтай уулз. Бид их хүнд даалгаварт явна

Гансүх: Бид яг ямар даалгаварт явах юм бэ?

Kamu: Чамд нарийн ширийнийг нь дараа хэлье. Яадаг ч байсан бидний даалгаварын зэрэглэл S түвшнийх.

Гэж хэлээд эд зүйлсээ бэлдэж эхлэв. Гансүх ч хурдхан явж аяны бэлтгэлээ хийхээр явлаа. Хэдэн цаг өнгөрч Гансүх онгоцны буудлын хаалганы өмнө зогсоно. Цаг 11 цаг 50 минут болсон байв. Тун удалгүй Kamu өөрийн байлдааны бүрэн тоноглогдсон хувцастайгаа мөн өөр нэгэн хамгаалагчийн хамт ирэв.

Хасмөнх – S түвшний хамгаалагч. Хоч нь Хар Хангарьд. Тэрээр Цагаан хун Жасминагийн төрсөн дүү нь бөгөөд эгчийгээ даган хамгаалагч болсон. 21 настайдаа анх хамгаалагч болоод 199 жил хамгаалагчийн амьдралаар амьдарч байгаа. 960-д мянган мутант устгасан. Богиновтор хар үстэй, зүүн нүднийнхаа зүүн доор жижгэвтэр гэхдээ харагдахуйц хас тэмдэгний шивээстэй (монголын гурван хошуутай хас тэмдэг) мөн хоёр нүднийхээ хооронд буюу хамрын хянган дээрээ жижигхэн мэнгэтэй. 174 см өндөр.

Kamu: за бидний баг бүрдэх шив.

Хасмөнх: Гансүхийг ууг нь үлдээмээр л байх юм. Даанч дээрээс өгсөн тушаал болохоор болохгүй нь дээ.

Гансүх: Хөөх, S зэрэглэлийн хамгаалагчтай бас нэг баг болон ажиллах юм уу? Би энэ даалгаварыг заавал амжилттай биелүүлнээ. Би та нарын арыг хамгаалж чаднаа.

Хасмөнх: Чи зүгээр л бидний хэлснийг хийж байгаарай. Ард талыг хамгаалах ч шаардлага байхгүй. Аль болох холоос биднийг харж байх хэрэгтэй. Битгий замд тээр болоорой доо.

Гансүх: Би хичээнээ.

Kamu: За явцгаая. Бидний онгоц хүлээж байна. Гансүх чамд би замдаа даалгаварын талаар дэлгэрэнгүй танилцуулах болно.

Гансүх: за

Гэж хэлээд хоёр хүчирхэг хамгаалагчаас аль болох хоцрохгүйг хичээн даган алхлаа. Тэд онгоцны буудал руу орж нислэгийн талбай дээр ирэхэд тэнд HT-5 хотын хамгаалалтын албаны дарга тэднийг онгоцных нь хажууд хүлээн зогсож байлаа.

HT-5 хотын хамгаалалтын албаны дарга: За та бүхэнд амжилт хүсье. Даалгавараа амжилттай биелүүлээд эсэн мэнд буцаж ирээрэй. Гансүхээ энэ чиний эхний даалгавар, тийм болохоор хичээх хэрэгтэй шүү.

Тэднийг ийнхүү HT-5 хотоос хамгаалалтын албаны дарга үдэж өгөв. Зам зуураа Kamu: Гансүхээ чамд одоо бидний даалгаварын талаар дэлгэрэнгүй танилцуулж өгье. Чи анхааралтай сонсоод дараа нь асуух зүйл байвал хэлээрэй. Ойлгов уу?

Гансүх: За, эрхэмээ

Kamu: Саяхан хөх толбот хүнийг өнгөрсөн цаг хугацаанаас авчирах хамгаалагчдын баг сарнаас амжилттай бууж ирсэн. Гэхдээ мутантууд тэдэнд саад болсон учир тэднээс зөвхөн Цагаан хун Жасмина л хөх толбот хүний хамт хүрч ирсэн. Бусад нь даалгаварын явцдаа үрэгдсэн. Одоогоор парламентын нууц байгууламжид хөх толбот хүнийг аваачсан бөгөөд эрдэмтэд түүний энергийн онцлогийг судлаж байгаа. Харин саяхан парламентын эрдэмтэд дэлхийн зарим энергийн суваг байдгийг илрүүлсэн бөгөөд тэнд мутантуудын үүр байрлаж байгаа. Бидний даалгавар бол энергийн суваг дээр байрласан мутантын үүрийг устгах. Хэрэв хүмүүс амжилттай бүх энергийн сувгуудыг мутантуудаас чөлөөлж чадвал хөх толбот хүний энергийн ачаар бид эх дэлхийгээ аврах боломжтой. Тийм учраас бидний энэ даалгавар бол хүн төрөлхтөн болоод эх дэлхийн маань сүйрэх үгүйг шийдэх чухал даалгавар юм. Бид удахгүй өөр нэг багтай нэгдэх бөгөөд тэднээс аль мутантын үүр рүү дайрахаа мэдэж авна. Даалгавар ойлгомжтой юу?

Гансүх: Бид тэгэхээр мутантын үүрийг устгана гэхээр тэнд байгаа бүх мутантыг устгах ёстой юу?

Хасмөнх: Яг тийм. Чи сайн ойлгосон байна. Магадгүй бидэнд аз таарч хүч багатай мутантын үүр хуваарилагдвал чи амьд үлдэж болох л юм. Мутант хүүхэд, хөгшидийг чи дөнгөж чадах байлгүй дээ.

Гансүх үүнийг сонсоод дотроо бяцхан гунигт автлаа. Хэдийгээр тэрээр хамгаалагч болон хүмүүсийг мутантаас аврахыг байнга хүсдэг байсан ч хүүхэд хөгшидийг устгана гэдэг нь түүнд хэтэрхий хэрцгий санагдаж байв.

Удалгүй тэдний онгоц нэгэн газар ирж буулаа. Тэнд хамгаалагчдын 10 гаруй онгоц ирсэн байв. Гансүх онгоцноосоо гаран цугларсан хамгаалагчид дээр Kamu, Хасмөнх хоёрыг даган очвол тэнд Цагаан хун Жасмина, Улаан арслан Near, Хар шонхор Maximus зэрэг олон алдартай, хүчтэй S түвшний хамгаалагчид цугларсан байв.

Near – S түвшний шилдэг хамгаалагч. Хоч нь Улаан арслан мөн зарим нь түүнийг хурдны хаан гэж дууддаг. Тэрээр S түвшний хамгаалагчид дотроо хамгийн хүчирхэгт тооцогддог. Онцлог нь баруун нүдэндээ сорвитой.

Maximus – S түвшний хамгаалагч. Хоч нь Хар шонхор мөн зарим нь түүнийг толгой тасдагч гэж хочилдог. Энэ нь түүний хоромхон зуур өрсөлдөгчийнхөө толгойг тастдаг техниктэй холбоотой. Тэрээр 22 насандаа хамгаалагч болсон бөгөөд хамгаалагч болоод 237 орчим жил болж байгаа. 180 см орчим өндөртэй.

Гансүх Цагаан хун Жасминаг харан дотроо маш их баярлан зогсоно. Түүнтэй мөр зэрэгцэн тулалдана гэж бодохоор түүний сэтгэл маш их догдолж байв.

Near: Заза, ингээд бүгд цуглах шив дээ. Бид парламентаас өгсөн шийдвэрийн дагуу мутантуудад гэнэтийн цохилт өгөх болно. Энд цугласан хамгаалагчид нь бүгд парламентаас сонгогдсон болохоор та бүхнийг энэ даалгаварт явуулж байгаа нэр төрийн хэрэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид энд та бүхний хүчийг харгалзан үзээд тохирох мутантын үүр рүү дайруулна. Багийн ахлагчид нэг нэгээрээ над дээр ирж багийнхаа гишүүдийн хүч чадлын талаар дэлгэрэнгүй танилцуулаад тохирох үүрээ сонгон авна уу.

Түүнийг ингэж хэлж дуусмагц Kamu хажуудаа зогсох Хасмөнхийг нудран дохио өгөв. Хасмөнх Kamu-ын дохиог ойлгон хамгийн түрүүнд нь очиж өөрсдийнхөө багийнхны тухай дэлгэрэнгүй танилцууллаа.

Near: Яагаад танай багт Е түвшний хамгаалагч байдаг билээ? Ийм сул гишүүн яагаад ч мутантын үүрийг устгаж чадахгүй шүү дээ.

Хасмөнх: Би сайн мэдэхгүй байнаа. Гэхдээ түүнийг манай багт оруулсан нь цаанаа учиртай байх гэж найдаж байна. Парламентаас нэгэнт шийдсэн болохоор бид эсэргүүцэх хэрэггүй байх гэж бодсон. Нэгэнт бидэнд ийм гишүүн байгаа болохоор манай багт хөнгөлөлт үзүүлэн миний хүсч буй мутантын үүр рүү явуулна уу.

Category: Зохиол | Views: 1045 | Added by: 003 | Rating: 3.0/2
comments powered by Disqus
Total comments: 1
1 greenmole   (2010-04-13 11:15 PM)
хуаааааааааааааааааааах

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хамгийн их уншсан 10 манга