″Хөх толбо″ зөгнөлт зохиолын нэвтэрхий толь (wiki 1-20 хэсэгт) - 23 October 2009 - ShurikenTeam- Anime and Manga
Тавтай морил, Зочин! Бүртгүүлэх
Даваа, 2016-12-05
Main » 2009 » 10-р сар » 23 » ″Хөх толбо″ зөгнөлт зохиолын нэвтэрхий толь (wiki 1-20 хэсэгт)
3:39 PM
″Хөх толбо″ зөгнөлт зохиолын нэвтэрхий толь (wiki 1-20 хэсэгт)

Зохиолын ерөнхий агуулга

Хөх толбо зөгнөлт зохиол нь ирээдүйд 5009 онд дэлхий сүйрч байгаа талаар өгүүлэх бөгөөд устан үгүй болж байгаа байгалийг дахин сэргээхийн тулд өнгөрсөн үеэс буюу одоо манай энэ үеэс Тулга нэртэй хөх толботой монгол хүүг ирээдүй рүү авч явж байгаа талаар өгүүлнэ.

5009 оны ерөнхий төрх

Энэ үед хүмүүс хоёр хэсэгт хуваагдсан байх бөгөөд 2000 гаруй жил тасралтгүй ширүүн байлдаж байгаа. Нэг тал нь Мутантууд бөгөөд тэд устан үгүй болсон байгальд зохицон амьдрахын тулд өөрсдийн хүний ДНК-д шавьжны ДНК-г нэмснээр үүсэн бий болсон хүний шинэ төрөл юм. Харин нөгөө тал нь жирийн хүмүүс бөгөөд тэд мутантуудтай байлдахын тулд хагас хүн хагас робот буюу киборгуудыг бий болгож мутантуудтай байлдаж байгаа. Ерөнхийдөө дайнд Мутантууд дийлж байгаа бөгөөд хүмүүсийн 5 хот энергин хамгаалалтын доор оршин тогтнож байгаа. Хүмүүсийн 5 хотыг хамгаалах энергин хамгаалалтыг мутантууд даван орж чадахгүй байгаа бөгөөд энэ хамгаалалт нь маш өндөр зардлаар оршин тогтнож байгаа ба хүмүүст хамгаалалтаа барьж байх 21 жилийн л нөөц байгаа.

5009 оны мутантууд

Мутантууд нь нэгдмэл нэг хаант засаглалтай. Хамгийн хүчирхэг мутант нь одоогоор мутантын хаан байгаа ба түүний дараа хааны шадар цэргүүд орно. Мутантын хааны ордонд хан хөвгүүд, гүнж нар, шадар цэргүүд, хааны зөвлөхүүд болон зарц нар байдаг. Мутантууд нь феодалын нийгмийн зохион байгуулалттай бөгөөд язгууртнууд буюу дээдэсүүд нь Мутантын хаан, Хааны зөвлөх, Шадар цэргүүд зэрэг юм. Тэд бүгд өөрсдийн зарц боол болон харъяат ард иргэдтэй. Мутантын хааны засаглалд зөвхөн хүчирхэг болон ухаантай нь язгууртан болох бөгөөд ард иргэдээс нь шинээр хүчирхэг мутант гарч ирвэл Мутантын хаан түүнийг шууд язгууртан болгодог.

Мутантын хүч чадал нь 3-н түвшнээр гардаг. Эхлээд хүн хэлбэртээ байхдаа тэд хамгийн бага хүчтэй байдаг бөгөөд хагас шавьж хагас хүн хэлбэрт орохдоо тэд маш их хүчирхэг болдог. Энэ үед тэдний бие хувирдаг ба мутантын биеийн зарим хэсэг нь мутацид орсон шавьжтайгаа адилхан болдог. Мутантын хамгийн сүүлийн хүчний түвшин нь Бүтэн шавьжин хэлбэр бөгөөд энэ хэлбэртээ орсон үедээ тэд аймшигтай хүчтэй болно. Хэрэв тэд бүтэн шавьж хэлбэртээ орсон бол дахиж хэзээ ч хүн хэлбэртээ эргэж шилжиж чадахгүй бөгөөд замдаа тааралдсан бүгдийг устгадаг алуурчин машин болон хувирна. Бүтэн шавьжин хэлбэртээ орсон мутацид бүх амьдралынхаа турш тааралдсан болгоноо алж амьдрах эсвэл үхэл гэсэн хоёрхон л сонголт үлддэг. Ийм болохоор мутантууд ямар ч тохиолдолд бүтэн шавьжин хэлбэрт шилжихгүйг байнга хичээдэг.

5009 оны хүмүүс болон хамгаалагчид

Хүмүүс нь мутанттай хийсэн 2000 гаруй жилийн дайны явцад ялагдаж хүч түрэгдэж эхэлсэн бөгөөд бүх хүмүүс амьд үлдэхийн тулд энергин хамгаалалтын доор орсон. Хүмүүсийн засаглалыг Парламент гэгдэх байгууллага удирдах бөгөөд энэ парламентын гишүүд нь бүгд урьд нь агуу удирдагч байгаад үхсэн хүмүүсийн хиймэл аргаар амьдруулж байгаа тархи юм. Эдгээр тархиуд нь тухайн хүн амьд байсан үеийнх шиг нь сэтгэн бодохоос гадна шинэ мэдээлэл өөртөө оруулах бүрэн боломжтой. Мөн тэдэнд хувийн ашиг сонирхол хөөх үзэл бодол гэж байхгүй бөгөөд бүх эрдэм мэдлэгээ хүмүүсийн засаглалын сайн сайхны тулд зориулдаг. Парламентын доор хотын даргууд орох бөгөөд хотын даргуудыг парламентаас сонгож өгдөг. Хотын даргууд нь тухайн хотынхоо бүх л асуудлыг шийдвэрлэх бөгөөд Парламентын зааврын дагуу ажиллах ёстой. Хэрэв хотын дарга Парламентыг дагахгүй бол түүнийг шууд огцруулах эрх парламентад байдаг. Тийм болохоор хотын даргууд өөрийн бүх шийдвэр, үйлдлүүдийг парламентад тайлбарлаж зөвөлгөө зааварчилгаа авч байх үүрэгтэй. Хотын даргуудын доор тухайн хотын салбаруудын дарга нар орно.

Хүмүүсийн мутантуудтай байлдах гол зэвсэг нь Хамгаалагчид юм. Хамгаалагчид нь хагас хүн хагас робот бөгөөд тэд нэгэн үе жирийн хүн байсан боловч өөрийн биеэ хүн төрөлхтний аюулгүйн байдлын төлөө биеэ золиослосон дайчид юм. Хамгаалагчдад хүмүүс шиг сэтгэл хөдлөл, сэтгэн бодох, өдвөх шаналах зэрэг бүх л мэдрэмжүүд байдаг боловч тэд нөхөн үржихгүй, хөгшрөхгүй үүрд залуугаараа байдаг. Тэдний ухамсар нь хүн боловч бие нь хагас робот юм. Хамгаалагчид нь хүч чадлаараа олон зэрэглэлд орох бөгөөд хамгийн хүчтэй хамгаалагчид нь S түвшний хамгаалагчид. Тэд ямар ч хотын харъяанд байдаггүй бөгөөд зөвхөн Парламентыг хамгаалж түүнд захирагддаг. S түвшний хамгаалагчид нь маш хүчирхэг бөгөөд тэдний хүч чадал Мутантын Шадар цэргүүдийн хүчтэй ойролцоо байдаг. S түвшний дараа А түвшин орох бөгөөд тэд ямар нэгэн хотын харъяад байж тэр хотоо хамгаалах үүрэгтэй. А түвшний хамгаалагчид нь тухайн хотдоо хамгийн хүчирхэг нь бөгөөд хотын дарга болон Хамгаалалтын албаны дарга нарт захирагдана. А түвшнээс доошоо B, C, D, E түвшин хүртэл байна. E түвшний хамгаалагчид нь хамгийн муу хүч чадалтай нь бөгөөд тэд хамгаалагч болоод удаагүйгээс гадна нэг ч мутантыг алж чадаагүй хамгаалагчид юм. D түвшины хамгаалагчид нь хамгаалагч болоод доод тал нь 3 жил болсон ба дор хаяж нэг мутантыг устгасан байх шаардлагатай юм. C түвшнинд орохын тулд хамгаалагчид 10 мутантыг устгасан байх шаардлагатай бөгөөд 10 жил хамгаалагч байсан байх ёстой. В түвшинд орохын тулд хамгаалагчид хамгийн багадаа 30 мутант устгасан байх шаардлагатай бол A түвшинд орохын тулд хамгийн багадаа 100 мутант устгасан байх ёстой. S түвшний хамгаалагчдыг зөвхөн парламентаас сонгож авдаг бөгөөд тэд шилдгийн шилдэгүүд нь байдаг.

Энергин чулуу

Энергин чулууг хамгаалагчид өргөнөөр ашиглах бөгөөд энэ чулуу нь хүний сүнсний энергийг гадагшаа гаргахад хэрэглэддэг чулуу юм. Хамгаалагчид энергин чулууг духандаа байршуулсан байх бөгөөд өөрийн бүх хүчээ гарган тулалдах үедээ түүнийг ил гарган хүчийг нь ашиглан өөрийн сүнсний хүчийг гадагш гаргадаг.

Цаг хугацаагаар аялах талаар

Цаг хугацаагаар аялах боломж нь 5000 жилд нэг удаа 3000 жилээр аялах боломж үүсдэг. Цаг хугацаагаар аялах хаалга нь саран дээр үүсэх бөгөөд 30 хоног л нээлттэй байна. Энэ хугацаанд аялсан хүмүүс буцаж ирэх ёстой ба хэрэв цаг хугацааны хаалга хаагдахад өөрийн цаг үедээ ирээгүй бол тэр хүн хумхын тоос болон замхран одно. Мөн цаг хугацаагаар аялж очоод ямар нэгэн өөрчлөлт хийвэл (түүхийг өөрчлөх, хүн алах, байшин барилга устгах) тэр нь цаг хугацааны хаалга хаагдах үед буцаад бүгд хэвэндээ орно. Цаг хугацаагаар аялах хүмүүс нэг хүнийг тэр газраас авчраж болно.

5009 оны зэвсэг ба байлдах техник

Энергин илд

Энергин илд нь мутанд болон хамгаалагч нарын байлдааны гол зэвсэг юм. Энергин илд нь илдийг хэрэглэж байгаа хүнээс ялгарах энергийг хуримтлуулдаг төхөөрөмж гэж ойлгож болно. Харахад жирийн илдтэй төстэй боловч илдний эзэн түүнийг барих мөчид түүний биенээс ялгарах энергээр цэнэглэгдэн гэрэлтэн харагддаг. Энергин илд нь сайн муу гэж байдаггүй боловч удаан хүчирхэг эзэнтэй байсан энергин илд нь бусад илдээ бодвол энерги цуглуулах чанар нь өндөр байдаг.

Хамгаалалт

Хамгаалалтууд нь олон янз байх ба ерөнхийдөө хамгаалалтын төрлийн энергийн хуримтлал юм. Одоогоор зохиолд гарсан хамгаалалтаас хамгийн гол хамгаалалт бол хүмүүсийн хотуудыг бүрхсэн том хамгаалалтууд юм. Эдгээр хамгаалалтыг одоогоор мутантууд нэвтлэж чадаагүй байгаа. Дараагийн төрлийн хамгаалалт бол онгоцны хамгаалалт болон мутант хамгаалагчид нарын хамгаалалт юм. Энэ хамгаалалтыг зөвхөн энергин илд болон энерги агуулсан зүйлсээр л нэвтлэж болно. Одоо үеийн зэр зэвсэг болох буу, тэсрэх бөмбөг, цөмийн бөмбөг, химийн хорт зэвсэгүүд нь энэ хамгаалалтыг нэвтлэж чадахгүй. Дараагийн хамгаалалт нь мутант болон хамгаалагч нарын бамбайн хамгаалалт. Энэ хамгаалалт нь тухайн хүнээс ялгарах энергийг хамгаалалтын энерги болгосноор энергин илд болон цохилтноос хамгаалах юм. Гэхдээ энэ хамгаалалтыг тухайн хамгаалалт үүсгэсэн хүнээс илүү их энергитэй хүний энергин илд нэвтлэж чадна.

Байлдааны техникүүд

Байлдааны техник гэдэг нь жирийн энергээ хуримтлуулан цохих болон хамгаалахаас өөр бага хүчээр их хүчтэй дайралт болон хамгаалалт хийх болон оюун санаанд нөлөөлөх аргууд юм.

Хөл туших техник

Энэ техникийг хэрэглэгчид: Солонго

Энэ техник нь өөрийн гарнаас хүний нүдэнд үл үзэгдэх нарийн энерги гарган өрсөлдөгчийнхөө хөлийг тушин хөдөлгөөнгүй зогсоох техник юм. Мөн энэ тушсан энергээ цахилгаан гүйдэл болгон өрсөлдөгчөө хүчтэй цахилгаан гүйдлээр цохиулан устгах чадвартай.

Нууц ховсдох болон могойн ховсдох техник

Энэ техникийг хэрэглэгчид: Оюунаа

Энэ техник нь өрсөлдөгчийнхөө оюун санаанд нь нөлөөлж хиймэл үзэгдэлд оруулж (хий юм харуулах) нүдийг нь харахгүй болгох ба цаашлан өрсөлдөгчөө огт хөдөлгөөнгүй болгон ухаан санааг нь балартуулах мөн удирдах чадвартай.

Газар ухах техник

Энэ техникийг хэрэглэгчид: Оюунаа

Энэ техник нь газар доогуур том нүх ухан явах техник юм. Үүнийг ашиглахын тулд их хэмжээний энерги гаргадаг.

Хар нугасны өд техник

Энэ техникийг хэрэглэгчид: Жасмина

Энэ техник нь хэрэглэгчээ тойрон өд мэт зүйлүүд бий болон тэдгээр нь нийлж бөмбөлөг хэлбэртэй болж өд тус бүрийг тойроод хамгаалалтын маш хүчтэй энергээр бүрхэгдснээр дайсны дайрлтыг халтируулан өөр зүгт чиглүүлдэг.

Алуурчин шоргоолз техник

Энэ техникийг хэрэглэгчид: Артур

Энэ техникийн талаар одоогоор зохиолд дэлгэрэнгүй гараагүй байгаа. Энэ техник нь маш хүчтэй довтолгооны үед хэрэглэгддэг болон хэрэглэгч нь тодорхой хугацааны турш өөрийн энергийг энергин илдэндээ хуримтлуулах шаардлагатай. Хангалттай энерги хуримтлагдсны дараа хийгддэг бөгөөд хуримтлагдаагүй дутуу энергитэй үед хийж болдоггүй.

Тэнгэрийн гэсгээл

Энэ техникийг хэрэглэгчид: Жасмина

Энэ техник нь маш хүчтэй дайралтын техник юм. Үүнийг хэрэглэх үед хэрэглэгчийн ойролцоох агаар ярагдан том хар нүх үүсэх бөгөөд энэ техникийг хэрэглэж буй хэрэглэгчийн илднээс маш хурц цагаан өнгийн энерги гарч аянга цахилгаан дагуулсаар очиж өрсөлдөгчөө цохино. Цохилт нь маш том хүрээг хамрах бөгөөд ойр орчимдоо байгаа бүгдийг сүйтгэх аюултай.

Зохиолын дүрүүд

Тулгаа – Зохиолын гол дүр. 17 настай, биеийн өндөр 165см, жин 57кг. Оюутан болоод эхний жилээ явж байгаа. Хичээлээ давтахгүй компьютерийн ард ихэнхи цагаа өнгөрөөдөг. Сонирхол – Компьтер тоглоом тоглох. Мөн их мөрөөдөмтгий. Зав л гарвал мөрөөдөөд суучихдаг. Амьдралын зорилго байхгүй. 2009 оноос ирээдүйг аврах аврагчаар тодорсон. Хөх толботой төрсөн бөгөөд түүний толбо нь бусад хүнийхээс илүү тод мөн одоог болтол арилаагүй байгаа. Мөн түүний удам бол Чингис хааны алтан ургийн хүмүүс. Мөн нууц судрыг хамгаалж байдаг. Зохиолын 9-р хэсэгт анх гарсан.

Жасмина – Гол дүрүүдийн нэг. Тэрээр 5009 оны хамгаалагч. Энэ хамгаалагч нь Парламентын хамгаалагчдын нэг буюу S түвшний хамгаалагч бөгөөд тэдний дундаас хүч чадлаараа дээгүүрт ордог. 23 насандаа хамгаалагч болсон ба хамгаалагч болоод 201 жил болж байгаа. Тэрээр маш үзэсгэлэнтэй бөгөөд хамгаалагч болохоосоо өмнө бүх хүний хайрыг булаадаг нэгэн байсан. Биеийн өндөр 170см. Устгасан Мутантын тоо нь 1 сая-аас хол давсан. Хоч нь Цагаан Хун. Жасмина Хөх толботой хүү Тулгааг өнгөрсөн үеэс авчрах даалгаварыг тэргүүлж яваа бөгөөд даалгаварын явцдаа Мутантын хааны шадар цэрэг болох Шоргоолзон биет Артурыг устгасан. Эцсийн хэлбэртээ орох үедээ нуруунаасаа маш том хоёр цагаан далавчтай болдог. Зохиолын 6-р хэсэгт анх гарсан.

Солонго – Гол дүрүүдийн нэг. Тэрээр 5009 оны мутантын хаан охин бөгөөд мутацид орсон шавьж нь эрвээхэй. Тэрээр аавын эрх дураараа охин бөгөөд хорвоо дээрхи хамгийн үзэсгэлэнтэй нь байхыг мөрөөддөг. Зорьсон зорилгодоо хүрэхийн тулд бүхнээ зориулдаг мөн их үзэсгэлэнтэй. Хагас шавьжин хэлбэртээ шилжих үедээ эрвээхэйний далавчтай болдог. Биеийн өндөр 172 см. Өгзөгөө давсан урт хар үстэй. Зохиолын 8-р хэсэгт анх гарсан.

Амараа – Гол дүрүүдийн нэг. HT-2 хотын А зэрэглэлийн хамгаалагч. Хоч нь Хар баавгай. Хурд удаан ч их хүчтэй хамгаалагч. Мөн юмыг их төлөвлөдөг бөгөөд төлөвлөгөөгүйгээр тулаанд ордоггүй. Хүчирхэг дайснаа хүндэлдэг. Зохиолын 9-р хэсэгт анх гарсан.

Ганбат - Гол дүрүүдийн нэг. HT-3 хотын А зэрэглэлийн хамгаалагч. Хоч нь Цагаан чоно. Маш хурдан хөдөлгөөнтэй бөгөөд хурдаараа бүгдэд гайхагддаг. Түүний тулааны хэлбэр нь хурдад тулгуурласан байдаг ба хүч багатай. Дуу багатай бөгөөд бусдыг сонсох дуртай. Зохиолын 9-р хэсэгт анх гарсан.

Оюунаа – Гол дүрүүдийн нэг. Энэ хамгаалагч нь HT-5 хотын эмэгтэй хамгаалагч дотроос хамгийн хүчтэй нь. Тэрээр C түвшингийн хамгаалагч. 17 насандаа хамгаалагч болоод 21 жил болж байгаа. Биеийн өндөр 165см. Урьд 29 Мутантыг устгасан. Хоч нь Шар Могой. Олон нууц техниктэй бөгөөд их ирээдүйтэй хамгаалагчдын тоонд ордог. В түвшний хамгаалагч болоход тун ойрхон байгаа. Их эрч хүчтэй цоглог зантай. Зохиолын 3-р хэсэгт анх гарсан.

Артур – Туслах дүр. Мутантын хааны шадар цэрэг бөгөөд их хүчтэй мутантын тоонд ордог. Хоч нь Шоргоолзон биет. Мутацид орсон шавьж нь Шоргоолз. Их бардам зантай. Солонгод хайртай байсан ба түүнийг байнга хамгаалж байдаг. Зохиолын 7- р хэсэгт анх гарч 20-р хэсэгт үхсэн.

Жажа - Туслах дүр. Мутантын хааны шадар цэрэг бөгөөд хүчтэй мутантын тоонд ордог. Хоч нь Жаран хөлт. Мутацид орсон шавьж нь Жаран хөлт. Солонгын шүтэн бишрэгч бөгөөд түүний хэлсэн болгоныг дуулгавартай дагадаг. Мөн алж устгах дуртай хэрцгий араншинтай. Зохиолын 11-р хэсэгт анх гарсан.

Болд - Туслах дүр. Энэ хамгаалагч нь HT-5 хотын хамгийн хүчирхэг хамгаалагч юм. Тэрээр B түвшингийн хамгаалагч. 26 насандаа хамгаалагч болсон ба хамгаалагч болоод 16 жил болж байгаа, биеийн өндөр нь 186см. Урьд нь 38-н Мутантыг устгасан байсан. Хоч нь Улаан Сармагчин. Зохиолын 3- р хэсэгт анх гарч 16-р хэсэгт үхсэн.

Борис - Туслах дүр. Энэ хамгаалагч нь C түвшинд харъяалагддаг. 32 насандаа хамгаалагч болсон ба хамгаалагч болоод 51 жил болж байгаа, биеийн өндөр 170см. Урьд нь 17 Мутантыг устгасан. Хоч нь Шар Бодон. Зохиолын 3- р хэсэгт анх гарч 16-р хэсэгт үхсэн.

Жич: Хөх толбо зохиолыг минь бичихэд санаа оноогоо нэмэрлэн туслаж байгаа блогчин Attila, SJoker, Anime, Tsukiyama нартаа баярласан талархсанаа илэрхийлье. Мөн зохиолыг минь уншиж надаа цааш бичих урмыг өгсөн уншигч нартаа талархалаа. Мөн зурж чаддаг хүн байвал зохиолынхоо гол дүрүүдийг зуруулах юмсан. Тэгвэл ч уншигчдад маань илүү гоё болох байх даа

Category: Зохиол | Views: 1030 | Added by: Danzii | Rating: 5.0/2
comments powered by Disqus
Total comments: 6
6 kendra   (2009-10-31 0:26 AM)
gah gah sonirholtoi ymaa daraa n yah bol gedegiig n tesen ydan huleej by .amjilt biggrin

5 nomi   (2009-10-30 7:52 PM)
eemr sonirholtoi yumaa... smile
kino bolgood garguuul ch neere...
happy

4 badrakh   (2009-10-26 3:12 PM)
dajgui goy zohiol bn biggrin

3 greenmole   (2009-10-24 5:42 PM)
мутантын тал дээр санаа гаргамаар санагдчлаа

2 greenmole   (2009-10-24 5:40 PM)
энэ хөөрхөн санагдаж байна мутантуудийн тал ялангуяа анхаарал татлаа бүгдийг нь уншаад санаагаа гүйцэд илэрхийлнээ

1 003   (2009-10-24 8:58 AM)
баярлалаа Данзий salute salute

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хамгийн их уншсан 10 манга